Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажууллаа

Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей холбогдох тогтоолын төслийг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нэгдүгээр хороо хуралдаж “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид улсын статустай байх тухай” тогтоолын төслийг дэмжлээ. Энэ тухай МОНЦАМЭ агентлаг ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлэв.

“Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид улс хэмээн тунхагласны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын энэхүү статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлооход чухал алхам төдийгүй манай улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт юм” гэж Монгол Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд хэллээ. НҮБ-д хэлсэн үгэндээ, тогтоолын төслийг Нэгдүгээр хороонд танилцуулав.

Түүнчлэн Байнгын төлөөлөгч В.Энхболд 2000 оны хамтарсан мэдэгдэл, 2012 онд цөмийн зэвсэгтэй таван улсын хамтарсан тунхаглалд Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид байлгахад дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 оноос хойш хоёр жил тутамд “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид улсын статус” тогтоолыг хэлэлцэн баталж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нэгдүгээр хорооноос баталсан энэхүү тогтоолыг дэмжигчээр нийт 46 улс нэгдсэн байна.